Covid-19-н үед Солонгосын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс

Дэлхийн дахиныг цочроосон Covid-19 тахлаас болж улс орон өөр өөрийн арга хэмжээ авч хилээр нэвтэрүүлэх тусгай дүрэм журмыг мөрдөж байгаа энэ үед Солонгос руу сурахаар зорьж байгаа оюутан залуустаа Солонгосын хил гаалиар гарахад анхаарах зүйлсийг хүргэж байна.

  1. PCR-ын шинжилгээний хариу

Монголоос нисэхийн өмнө 72 цагийн дотор авсан корона вирусын PCR-ын шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. PCR-ын шинжилгээний хариу хэрвээ Монгол хэлээр байвал заавал Англи эсвэл Солонгос хэлээр орчуулсан байх ёстой.

2. Эрүүл мэндийн асуумж

Мөн онгоцонд тарааж өгсөн эрүүл мэндийн асуумжийн хуудсыг урьдчилан бөглөн бэлдэнэ. Асуумжийг бөглөхөд гол анхаарах зүйл нь тусгаарлалтад байрлах байрны хаяг, холбогдох хүний дугаараа үнэн зөв бөглөх ёстой.

3. Биеийн халуун хэмжих

Онгоцноос буугаад хил гаалийн шалган нэвтэрүүлэх хэсэг руу явахдаа биеийн халуун хэмжигч камераар нэвтрэнгээ өмнө бөглөж бэлдсэн эрүүл мэндийн асуумжийн хуудсаа ажилтанд өгнө. Шаардлагатай хүмүүсийг дахин тусад нь халууныг нь үздэг учир та халуураагүй бол айж сандрах хэрэггүй.

4. Тусгаарлалтад байх хугацааны аюулгүй байдлыг хянах аппликэйшн  /자가격리자 안전보호앱/

Гаалийн ажилтан гадаадын бүх хүний утсанд тусгаарлалтад байх хугацааны аюулгүй байдлыг хянах апп /자가격리자 안전보호앱/ -г суулган өгч, байрлах тусгаарлалтын байрны хаяг, холбогдох хүний утсыг тэмдэглэнэ. Энэ аппликэйшнг заавал суулгах ёстой бөгөөд тусгаарлалтад байрлах хаяг, утасны дугаараа буруу бичиж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тусгаарлалтад байгаа хүний аюулгүй байдлыг хянах аппликэйш /자가격리자 안전보호앱/ -нь тухайн хүн өдөр бүр биеийн халуунаа өөрөө хэмжин тэмдэглэхэд автоматаар хариуцагч ажилтанд байнга мэдээлэл нь очно. Мөн тусгаарлалтад байх хугацаандаа гадагшаа гарахад дохиолол өгөх зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг аппликэйшн юм. Тус аппликэйшнг суулгахдаа Androd  бол play store руу орж татна. Iphone  бол app store руу орж татна.

5. Визний хуудас

2020 оны 3 сараас эхлэн гадаад паспорт дээр Солонгосын виз дарагдахаа больсон бөгөөд виз гарсныг баталгаажуулах хуудас өгдөг болсон. Энэ хуудсаа паспортын хамт шалган нэвтэрүүлэхийн ажилтанд өгнө. Тиймээс заавал виз-ний хуудсаа хэвлэж авч явахыг зөвлөе.

6. Аяллын мэдүүлгийн хуудас

Ачаагаа аваад дараах аяллын мэдүүлгийн хуудсыг бөглөж, гаалийн ажилтанд өгнө. Энэ хуудсанд хориотой бараа болон татвартай барааны асуулга байдаг. Жишээ нь: тамхи 200ш буюу 1 хайрцгаас дээш бол татвар төлнө гэх мэт. Энэ хуудас нь монгол хэлээр байдаг болохоор бөглөхөд амархан байдаг.

7. Гарах хаалга

Ачаагаа аваад “А”хаалгаар заавал гарах бөгөөд хамгаалалтын хувцастай онгоцны буудлын ажилтан угтан авч хүн бүрийн гаднах хувцас дээр нь шар бөөрөнхий наалт наадаг. Энэ наалт нь тухайн хүнийг гадаад орноос ирснийг илэрхийлдэг тул тусгаарлагдах байр хүртлээ хуулж авахгүй байхыг анхаараарай.

8. Тосох хүнтэй холбогдож тодруулах

Онгоцны буудлын ажилтан таны тосох жолоочтой утсаар холбогдож шалгасны дараа таныг хүлээлгийн хэсэг руу замчилж өгнө. Хэрвээ тосох жолоочтой холбогдож чадахгүй бол таныг гаргахгүй байлгах үүрэгтэй учир та тосох жолоочтойгоо ачаагаа авахдаа урьдчилан холбогдох хэрэгтэйг анхаараарай.

9. Тосох

Тосож  байгаа жолооч  нь дараах байрлалд таны нэрийг бичсэн пайзыг өргөн зогсож байна. Хэрвээ тосох жолооч хараахан ирээгүй байвал та хүлээлгийн хэсэгт хүлээж байх хэрэгтэй. Хүлээлгийн хэсгээс өөр газар руу явахыг хориглодог.

10. Тээврийн хэрэгсэл ашиглах

Covid -19 өргөн тархсантай холбоотойгоор Инчоны онгоцны буудлаас та зөвхөн зөвшөөрөлтэй автобус болон таксигаар үйлчлүүлнэ. Автобус тогтсон цагийн хуваариар явдаг бөгөөд таны суух автобус хөдлөх цаг болоогүй бол онгоцны буудлаас гарахыг хориглодог.

11. 72 цагийн дотор  коронавирус-н шинжилгээ өгөх

Онгоцны буудлаас шууд тусгаарлагдах байрны харъяа эрүүл мэндийн төв дээр очиж коронавирус-н PCR шинжилгээ өгнө. Оройн 17 цаг хүртэл Эрүүл мэндийн төвүүд ажилладаг бөгөөд хэрвээ 17 цагаас өмнө очиж амжихгүй бол тусгаарлагдах байр руугаа шууд очиж хоноод маргааш өглөө нь эрүүл мэндийн төв дээр очиж шинжилгээгээ өгнө. Коронавирус-н шинжилгээг Солонгост ирсэн өдрөөс 72 цагийн дотор өгөх ёстойг анхаарна уу. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарах бөгөөд мессежээр мэдэгддэг.

12. Тусгаарлалтын байр

Солонгосын их сургуулиуд ихэвчлэн гадаадын оюутнуудад засгийн газрын тусгаарлалтын байр санал болгодог бөгөөд энэ байр нь орон нутгаас хамааран өрөөний зохион байгуулалт өөр өөр байна.

Өрөөнд ор, ширээ, сандал, хөргөгч, wifi холболт мөн цэвэр ус байдаг.

Өдрийн 3-н хоолтой бөгөөд өглөөний хоол 9:00-10:00, өдрийн хоол 12:00-13:00, оройн хоол 17:00-18:00 цагуудын хооронд өгнө. Тусгаарлалтад байх хугацаанд өрөөнөөсөө гарч болохгүй бөгөөд тусгаарлалтын байрны дүрэм журмыг чандлан сахих хэрэгтэйг анхаараарай. Мөн согтууруулах төрлийн ундаа хэрэглэхийг хатуу хориглодог. 14 хоног дээрээ коронавирус-н давтан шинжилгээ өгөх бөгөөд хариу сөрөг гарвал 15 хоног дээрээ тусгаарлалтын байрнаасаа гаран сургуулийн дотуур байр болон гадуур байрлах байр руугаа явна.

Анхаар: Монгол улсын хилээр гарахдаа сургалтын визний  хуудас, сургуулийн тэнхимээр орно гэдгийг нотлох тодорхойлолт, PCR-н шинжилгээний хариуг марталгүй биендээ авч яваарай.